Зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл
ONE WORLD · ЗӨВЛӨГӨӨ

АНУ дахь өдөр тутмын амьдрал

Эхний өдрүүдэд байр, холбоо, унаа зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ цэгцэлбэл ажил, дадлагадаа тайван төвлөрөхөд дөхөм болно.

Байрны нөхцөлөө тодруулах

Нүүхээсээ өмнө түрээс, барьцаа, төлбөрт багтах үйлчилгээ болон гарах үеийн нөхцөлөө бичгээр уншиж танилцаарай. Байр хүлээн авахдаа эвдрэл, гэмтлийг эзэнтэй нь хамт тэмдэглэж, зураг авч хадгална.

  • Түрээсийн төлөх өдөр, ус, цахилгаан, интернэтийн төлбөр.
  • Хамт амьдрах хүний тоо, цэвэрлэгээ, зочин хүлээж авах дүрэм.
  • Ажилдаа очих зам, унааны цагийн хуваарь, орой буцах боломж.

Түрээсийн гэрээ, барьцаа

Гэрээний хугацаа таны байрлах хугацаатай нийцэж байгаа эсэх, эрт гарахад ямар нөхцөл үйлчлэхийг уншаарай. Өөр түрээслэгчээс өрөө авч байгаа бол дамжуулан түрээслэх зөвшөөрөлтэй эсэхийг тодруулна. Аман тохиролцоогоо бичгээр баталгаажуулж, төлбөрийн баримт, гэрээний хуулбараа хадгалаарай.

  • Барьцаанаас юуг суутгаж болох, буцаан авах хүсэлтээ хэрхэн гаргахыг асууна.
  • Ор, гудас, гал тогооны хэрэгсэл зэрэг юу дагалдахыг шалгана.
  • Гарахдаа хамт үзлэг хийж, байрны байдал, түлхүүр хүлээлгэн өгснийг баримтжуулна.

Эхний өдрүүдийн төсөв

Эхний цалин шууд орохгүй байж болох тул байрны барьцаа, түрээс, хүнс, унаа, утас болон гэнэтийн зардалд зориулсан нөөцтэй очоорой. Нэмэлт ажил, илүү цагийн орлогод найдаж зайлшгүй төлбөрөө төлөвлөхгүй.

  • Нэг удаагийн эхлэх зардал болон долоо хоног бүрийн зардлаа тусад нь тооцно.
  • Дэлгүүр, үйлчилгээний үнэд татвар болон үйлчилгээний нэмэлт төлбөр багтсан эсэхийг шалгана.
  • Аялал, худалдан авалтын төсвөөс буцах замын болон яаралтай хэрэгцээний мөнгөө тусад нь хадгална.

Банк, утасны үйлчилгээ сонгох

Банкнаас данс нээхэд шаардах баримт, сарын хураамж, ATM-ийн шимтгэл болон данс хаах нөхцөлийг асуугаарай. Ажил олгогчтойгоо цалин хүлээн авах аргаа тохирно. Утасны үйлчилгээ авахдаа хамрах хүрээ, дата, гэрээний хугацаа болон автоматаар сунгах нөхцөлийг нягтална.

Шинэ орчиндоо дасах

Ойролцоох хүнсний дэлгүүр, эмийн сан, нийтийн тээврийн буудал, эмнэлгийн байршлыг тэмдэглээрэй. Хэл, хоол, ажлын хэв маягийн ялгаанд дасахад хугацаа хэрэгтэй. Хамт ажилладаг хүмүүстэйгээ ярилцаж, ойлгоогүй зүйлээ асууж хэвшээрэй. Дасан зохицоход хүндрэлтэй байвал зөвлөх, спонсортойгоо холбоо барина.

  • Унтах, хооллох, амрах хэмнэлээ тогтмол байлгаж, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байна.
  • Орон нутгийн музей, спорт, баяр, олон нийтийн арга хэмжээг сонирхоно.
  • Шинэ найзуудтайгаа ярилцаж, Монголынхоо соёл, зан заншлыг хуваалцаарай.
Бусад зөвлөгөөг унших