Зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл
ONE WORLD · ЗӨВЛӨГӨӨ

Аялал, буцах бэлтгэл

Аяллаа хөтөлбөрийн хугацаа, ажлын хуваарь болон буцах төлөвлөгөөтэйгээ уялдуулаарай. Тээвэр, байрны захиалга хийхдээ өөрчлөх, цуцлах нөхцөлийг уншина.

Аяллын хугацаагаа тохирох

Хөтөлбөрийн дуусах огноо, аялалд зарцуулах хугацаа болон АНУ-аас гарах сүүлийн өдрөө спонсортойгоо тодруулна. Паспорт дээрх визний хүчинтэй хугацааг АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаатай адилтгаж болохгүй.

Хөтөлбөрийн дараах аяллын хугацаа

Хөтөлбөрөө хэвийн дуусгасан оролцогчдод ерөнхийдөө 30 хоногийн grace period буюу буцах бэлтгэл, АНУ дотор аялах хугацаа олгогддог. Энэ хугацаанд ажиллах, дадлагаа үргэлжлүүлэхгүй. Хөтөлбөрөөс хасагдсан тохиолдолд энэ хугацаа үйлчлэхгүй тул спонсортойгоо яаралтай холбогдоно.

Энэ үед АНУ-аас гарсан бол тухайн хөтөлбөрийн J-1 визээр буцаж нэвтрэх боломжтой гэж бүү тооцоолоорой. Өөрт зөвшөөрөгдсөн гарах огноо болон аяллын өдрүүдийн даатгалаа урьдчилан баталгаажуулна.

Гадагш аялж, дахин нэвтрэх бол

АНУ-аас өөр улс руу аялж буцаж ирэх төлөвлөгөөгөө тасалбар авахаас өмнө спонсортойгоо ярилцаарай. Баримт бичиг, DS-2019-ийн аяллын баталгаажуулалт болон дахин нэвтрэх нөхцөлөө өөрийн тохиолдолд шалгуулна. Даатгал тухайн улс, аяллын хугацааг хамрах эсэхийг мөн тодруулна.

Захиалга, замын төлөвлөгөө

Олон хотоор аялахдаа зөвхөн тасалбарын үнийг биш, буудал хүртэлх унаа, тээш, хоноглох байр болон дамжин суух хугацааг хамтад нь тооцоорой. Хот хооронд цагийн бүс өөр байж болохыг анхаарна.

  • Өдөр бүрийн очих хаяг, захиалгын дугаар, буцах унааг нэг дор хадгална.
  • Машин түрээслэх бол нас, жолооны үнэмлэх, даатгал, барьцаа болон нэмэлт төлбөрийг тухайн үйлчилгээ үзүүлэгчээс шалгана.
  • Нислэг өөрчлөгдсөн эсэхийг явахын өмнө нягталж, АНУ-аас гарах өдрөө спонсортоо зааврын дагуу мэдээлнэ.

Буцахаасаа өмнө

Сүүлийн ажлын өдөр, эцсийн цалин, байрнаас гарах хугацаагаа холбогдох хүмүүстэй тохироорой.

  • Байраа хүлээлгэн өгч, түлхүүр, барьцааны асуудлыг бичгээр баталгаажуулна.
  • Банк, утас, бусад үйлчилгээний үлдэгдэл болон сунгалтыг шалгана.
  • Татварын баримт хүлээн авах имэйл, хаягаа ажил олгогчдоо үлдээнэ.
  • Нислэгийн цаг, тээшний хязгаар болон дамжин өнгөрөх нөхцөлийг шалгана.
Бусад зөвлөгөөг унших