Зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл
ONE WORLD · ЗӨВЛӨГӨӨ

Ажил, хөтөлбөрийн дүрэм

Өөрийн хөтөлбөрийн төрөл, баталгаажсан ажлын санал эсвэл дадлагын төлөвлөгөөгөө мөрдөнө. Өөрчлөлт хийхээсээ өмнө спонсортойгоо ярилцаарай.

Ажил, дадлагын нөхцөлтэй танилцах

Эхний өдөр хийх ажил, хуваарь, цалин олгох өдөр, хувцаслалт, аюулгүй ажиллагаа болон хэнд тайлагнахаа тодруулаарай. Ажилласан цаг, цалингийн задаргаагаа тогтмол хадгалбал зөрүү гарсан үед тайлбарлахад тустай.

Өдөр тутмын ажлын дадал

Ажлын хуваариа тогтмол шалгаж, цагтаа очих унаагаа төлөвлөөрэй. Өвдөх, хоцрох эсвэл ээлжээ солих шаардлагатай бол удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна.

  • Хувцаслалт, ариун цэвэр, утас ашиглах болон завсарлагын дүрэмтэй танилцана.
  • Ойлгоогүй зааврыг дахин асууж, мэдэхгүй тоног төхөөрөмжийг тайлбаргүйгээр ажиллуулахгүй.
  • Ажил эхэлсэн, дууссан цаг, завсарлага болон хуваарийн өөрчлөлтөө тэмдэглэнэ.

Ажлаа солих, нэмэлт ажил хийх

Summer Work and Travel оролцогчийн анхны, нэмэлт болон солих ажлыг спонсор шалгаж баталгаажуулах шаардлагатай. Шинэ ажлаа эхлэхээс өмнө зөвшөөрөл авна.

Intern / Trainee оролцогчдод

Мэргэжлийн дадлага нь баталгаажсан төлөвлөгөөний дагуу явагдана. Дадлагын үүрэг, байршил эсвэл байгууллага өөрчлөгдөх бол эхлээд спонсортоо мэдэгдэж, шаардлагатай зөвшөөрөл, баримтын шинэчлэлийг тодруулаарай.

Асуудал гарвал

Цалин, ажлын цаг, харилцааны асуудлыг огноо, болсон үйл явдал, холбогдох баримттай нь тэмдэглэж, спонсор болон One World-д мэдээлээрэй. Ажлаас чөлөөлөгдсөн эсвэл цааш ажиллах боломжгүй болсон бол дараагийн алхмаа спонсортойгоо шуурхай тохирно.

Дарамт, аюултай нөхцөлийг мэдээлэх

Доромжлол, ялгаварласан харилцаа, бэлгийн дарамт эсвэл аюултай ажлын нөхцөлийг тэвчих ёстой гэж бүү бодоорой. Аюулгүй бол болсон үйл явдал, огноо, зурвас болон гэрчийн мэдээллийг хадгалж, спонсор, зөвлөхдөө мэдэгдэнэ. Шууд аюултай үед эхлээд аюулгүй газар очиж, 911 рүү залгаарай.

Бусад зөвлөгөөг унших